Монголчуудын эртний өвөг хөгжмийн
зэмсгийн нэг нь цуур юм. Цуур
нь 3 нүхтэй, уртааш барьж үлээдэг, модон үлээвэр хөгжмийн зэмсэг. Цуурын хийц
нь энгүүн эгэл мэт боловч нүүдэлчин, малчин, анчин монголчуудын олон зууны
туршид ухамсар зорилготойгоор үүсгэн бүтээж, хөгжүүлж ирсэн өвөрмөц бүтээл юм.
Цуур хэдийгээр гуравхан нүхтэй боловч байгаль дэлхий, уул, усны чимээ, хөг
аялгуу, түүний гоо үзэсгэлэн, сүр жавхлан, ан амьтны дүр байдлыг илэрхийлэхдээ
12 өргийн (chromatic) эгшиглгээт
орчин цагийн боловсронгуй зэмсгээс дутуугүй.
Монгол цуурын гайхамшиг нь хөгжмийн
зэмсгээр болон хүний хоолойн зэргэдийн үйл ажиллагаагаар хоёр эгшиг зэрэг
үүсгэж байгаад оршино. Цуурдахдаа цуурын нэг үзүүрийг (амгай) шүдэндээ тулган
үлээж исгэрэх мэт яруу тунгалаг аялгуу, авиаг эгшиглүүлэхийн сацуу хоолойн шахалтаар хөөмэйлэх мэт
дэвсгэрлэсэн суурь өнгийг давхар гарган хөгжимддөгөөрөө модон үлээвэр хөгжмийн
аль ч зэмсгээс зарчмын ялгаатай. Иймээс цуур хөгжим нь бусдаас ялгарах өвөрмөц
содон эгшиглэгээтэй.
Цуурын урлаг бол байгальд хандах,
түүнтэй харилцах арга замыг хайж, байгальтай өөрийнх нь хэлээр ярилцах
оролдлогын эртний улбаа гэж болох ардын билгийн сонирхолтой төрөл зүйлийн нэг
юм. Эйвийн голын урсгал, боргио,
хүрхэрээний чимээг дуурайж хөөмэй, цуур үүссэн гэсэн домог байдаг.
Цуурыг гишүүний иш, цооргоно,
балчиргана зэрэг модлог үет ургамлын гуурс ишээр хийдэг. Энэ бол цуурын энгийн
төсөр бөгөөд эртний хийц юм. Эдүгээ цуурыг урлахад харгай /хар мод/ юм уу
цагаан бургасыг ширхэгийн дагуу цуулж, хоёр хэсэг болгоод, хэсэг тус бүрийн
голоор ховил гаргаж, түүнийгээ хавсран нааж
гуурс болгоод, завсар зай гаргахгүйн тулд гадуур нь зээр гөрөөсний юм уу
хонины улаан хоолойн хальсыг битүү углах зэрэг нарийн чимхлүүр арга технологи
хэрэглэх болсон нь цуур урлалын хөгжлийн үр дүн юм.
Цуурдах урлаг гэдэг бол цуурдах
эрдэм, арга барил ба үе үеийн цуурчдын уран сэтгэмжээр бүтэж цогцолсон баялаг
урын санг багтаасан өргөн ойлголт юм. Цуурын уламжлалт урын санд “Эйвийн голын
урсгал“, “Алтайн магтаал”, “Савдгийн дуудлага”, Хар хурын наадгай” “Цацал”
тэргүүтэй цуурын олон татлагууд (уламжлалт аяз) багтдаг.
Цуур хөгжмийн уламжлалт урлаг нь
Монгол улсын соёлын биет бус өвийн ховор хосгүй өвийн зэргэлэлд багтдаг бөгөөд
2009 онд ЮНЕСКО-гоос Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өвийн дэлхийн
жагсаалтад бүртгэн тунхаглагласан болно.