Монголын ард түмэн олон зууны турш мал маллаж нүүдэллэн амьдрахдаа адууг машид эрхэмлэн, туг сүлдэндээ дээдлэж, дуу хөгжимдөө мөнхлөж ирсэн түүхтэй. Энэ хүндэтгэлийн нэгэн илрэл нь морин хуур хөгжим юм. Морин хуур гэдэг морин толгойтой хуур гэсэн утгатай. Хос чавхдастай. Чавхдас ба нумын аль алиныг морины сүүлний хялгасаар хийдгээрээ онцлог. Морин хуур нь цар багтаамж ихтэй, дуу авиа, илэрхийлэх чадвар сайтай, хийц ба эгшиг дуурсалын төгс төгөлдөр зохицлыг олсон хөгжмийн зэмсэг юм. Нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж хуур ба хуурчийн чадал увидсыг
“Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасанд багтаадаг”
Хэмээн магтан дуулсан билээ.
Морин хуур бол монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж буй хөгжмийн зэмсэг бөгөөд баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, мал аж ахуйн холбогдолтой олон зан үйлд морин хуур хөгжмөөр ая эгшиг өргөдөг уламжлалтай. Тэгээд ч айл болгон морин хууртай байхыг чухалчилдаг, гэрийнхээ хойморт хамгийн хүндтэй байранд залдаг, айлд орсон хүн заавал хуурдаж, эс чаддаг нь хууранд гар хүрдэг заншилтай байв. Хаврын улирал Монголчуудын уламжлалт цагаан сарын баяраар эхлэх бөгөд энэ баяраар хүмүүс өөр хоорондоо золгон ёслож, айл өрх бүр жилдээ сайн явах, өвчин зовлон, хэрүүл тэмцэлгүй байхын бэлэгдэл болгон “Гэрийн жавар үргээж” морин хуураар ая өргөдөг заншилтай. Энэ уламжлал төрийн ёслолд тусгалаа олж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгын дагуу жил бүрийн цагаан сараар Монгол улсын сүр хүч, айл өрх бүрийн түвшин жаргал, хүн бүрийн цог хийморийг бэлэгдэн Төрийн ёслолын өргөөнд “Төрийн их хан хуур”-ын сүлд аялгууг эгшиглүүлж, морин хуурын хүндэтгэлийн тоглолтыг орон даяар телевиз, радиогоор нэвтрүүлдэг болов.
Монголын олон ястны дунд хуурдахад тусгайлан зориулсан “татлага“ гэдэг уламжлалт аязууд буй. Төв Халхад “Жонон хар морины явдал” хэмээх хуурын аяз нутаг нутгийн онцлог ялгаатайтайгаар түгээмэл тархсан байдаг. бөгөөд говийн бүсэд “Хуурын магнай”, “Уулган шар атны явдал”, “Өрөөлт халтар морь”, “Аргалын хурга”, “Дааган нэмнээ”, “Шөргийн шар ат” гэх мэт холбогдох домог, түүх бүхий онцлог татлагууд буй.
Дарьгангын хуурчид “Зээний аяз”, “Могой хээр ”, “Ширүүн хар” /морь/, Нүцгэн цавьдар “, “Харцага зээрд”, “Хөх нуурын тогоруу” зэрэг татлагууд хуурддаг.
Харин баруун монголд икэлийн татлага ба бии биелгээний татлага хэмээх өөр өөр зориулалттай аязууд буй. Биелгээний ая аялгуу нь тогтсон нэр устай, биелэх хөдөлгөөнд тохирсон аялгуу байдаг бол икэлийн татлага нь ямар нэгэн домогт ая аялгуу, мал амьтны үйл хөдлөл, алхаа гишгээ, тэдгээрийг төсөөлж дуурайх, уул усны чимээ, мал амьтны дуу, шуугиан, бугын урам, бухын урам, хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, ботгоо голсон ингийг аргадах ая, “Сариг цагаан ингэ”, “Жороо морины явдал”, “Балчин хээрийн домог”, “Эйвийн голын усан”, “Дөрвөн Ойрадын уриа”, “Өрөөлт шарга морь”, “Бээжин шар ат”, “Үен улаан цар” г.м баялаг олон төрөл байдаг.
Морин хуур нь эдгээр уламжлалт татлагуудаас гадна ардын уртын дууг дагнан тоглох, уртын дуучинтай хамсран тоглох хөгжмийн гол зэмсэг юм.
Хуур, икэл нь уртын дуу, бии биелгээнээс гадна үлгэр, тууль, ерөөл, магтаал зэрэг ардын аман билигийн олон төрлүүдтэй ая хамсарч, тэдгээрийн салшгүй нэг махбод нь болж байдаг. Зүйрлэн хэлвээс монгол ардын уламжлалт урлаг хэмээх саглагар их модны салаа мөчир бүр нь морин хуур хөгжимтэй иш үндэс нэгтэй гэж болно.
Монголчууд морин хуурыг бүтээж, түүний тоглох арга барилыг үндэсний уламжлалт урлагийн сонгодог төрөл болтол хөгжүүлж чадсан нь хүн төрөлхтний соёлын өв санд монгол угсаатны оруулсан хувь нэмэр мөн гэдгийг үнэлж 2003 онд ЮНЕСКО Монголын уламжлалт морин хуурын урлагийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн билээ.