Хөдөө хээр, байгаль дээр ил задгай орших хүний гараар бүтээгдэн бий болсон эртний булш, бунхан, хиргисүүр, хөшөө чулуу, хадны сүг зураг, сүм хийдийн туйрь гэх мэт дурсгалыг хэлнэ.
1972 онд НҮБ-ийн Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагын /ЮНЕСКО/ Ерөнхий бага хурлын 17 дугаар чуулганаар баталсан “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах конвенци”-д “Соёлын өв” гэдэг ойлголтыг үл хөдлөх гэдэг утгаар нь гурав ангилсан байдаг. Үүнд:
- Хөшөө дурсгал (түүх, урлаг, шинжлэх ухааны хувьд нэрд гарсан, бүх талын үнэт ач холбогдол бүхий уран барилга, сүрлэг чимэглэлийн уран баримал, уран зургийн бүтээл, археологийн олдвор, бичээс, агуй болон цогцолбор дурсгал)
- Архитектурын чуулга (түүх, урлаг, шинжлэх ухааны хувьд нэрд гарсан бүх талын үнэт ач холбогдол бүхий салангид буюу нэгдмэл барилга байгууламж, уран барилгын цогцолбор)
- Дурсгалт газар (хүний болон хүн, байгалийн хамтарсан бүтээлүүд, мөн түүх, гоо зүй, угсаатны судлалын хувьд нэрд гарсан бүх талын үнэт ач холбогдол бүхий археологи, түүхийн дурсгалт газрыг багтаасан бүс нутаг) гэж ангилсан байна.
Манай улс 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал болон олон улсын соёлын өвийн талаарх нийтлэг ойлголтод нийцүүлэн 2001 онд шинэчлэн найруулж баталсан “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд “... эртний хүний оромж, отог бууц, оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга, ашигт малтмал олборлож, боловсруулж, үйлдвэрлэл эрхэлж байсан газар, булш хиргисүүр, бунхан, оршуулга, тахилын газар, хөшөө чулуу, хадны сүг зураг, бичээс зэрэг археологийн дурсгал; эртний хот суурины үлдэгдэл, балгас, хэрэм, цайз болон уран барилгын цогцолбор, сүм дуган, хийд, гудамж, талбай, байшин барилга зэрэг уран барилгын дурсгал; түүхэн хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаатай холбоотой байшин барилга ...; түүх, соёлын цогцолбор газар; эртний хүн, амьтан, бичил биетэн, ургамлын чулуужсан олдвор, ул мөр, тэдгээрийг агуулсан олдворт газар” зэрэг дурсгалуудыг үл хөдлөх гэх ангилалд хамаатуулан хуульчилсан байдаг.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн ангилал
1. Чулуун зэвсгийн бууц, суурин, дархны газар: Түүхэн тодорхой үед хүмүүс аж төрж байсныг гэрчлэх чулуун зэвсэг, түүнийг хийхэд үлдсэн чулууны үлдэгдэл, хоол хүнсний үлдэгдэл болон бусад хүмүүсийн хэрэглэж байсан эд зүйлсийн ул мөр бүхий олдвортой /соёлт давхарга/ дурсгалт газрыг хамруулдаг.
2. Хүмүүсийн сууж байсан оромж, сууц: Түүхэн тодорхой цаг үед хүмүүсийн орогнож байсаныг гэрчлэх олдвор бүхий дурсгалт агуй, нүхэн сууц зэргийг хэлнэ.
3. Хадны сийлмэл зураг: Байгалийн тогтцоороо байгаа хад чулууны толигор гадаргуу дээр хүн, мал, амьтан болон бусад зүйлсийн зургийг тусгай багаж зэвсэг ашиглан сийлж зурсан бүх төрлийн хадны сийлмэл зургуудыг хамаарна.
4. Зос, бэхэн зураг: Байгалийн тогтцоороо байгаа хад чулууны толигор гадаргуу дээр хүн, мал, амьтан болон бусад зургийг тусгай найрлага бүхий зос, бэх, шороон будаг ашиглан зурсан бүх төрлийн хадны зургийг хамааруулна.
5. Тамга, бичгийн дурсгал: Байгалийн тогтцоороо байгаа хад чулууны толигор гадаргуу дээр овгийн тамга болон тодорхой үсэг бичгийг ашиглан зос, бэх болон сийлбэрлэн гаргасан бүх төрлийн тамга тэмдгийн дурсгалыг хамааруулна.
6. Булш, оршуулга: Түүхэн тодорхой цаг үед хүмүүс талийгаачдаа тусгай зан үйлийн дагуу оршуулж, чулуу, шороогоор дарсан /хадны ан цав, агуйг ашиглан талийгаачийг оршуулсан хадны оршуулга мөн хамаарна/ бүх төрлийн булш, оршуулгууд хамаарна.
7. Тахил тайллагын байгууламж: Түүхэн тодорхой цаг үед талийгаачийнхаа хойд насанд нь зориулж хийж бүтээсэн тахилын байгууламжууд хамааран.
8. Хиргисүүр: Эртний хүмүүс чулуугаар том хэмжээний чулуун овоолго үйлдэж, түүнийхээ гадуур хүрээ татаж олон жижиг дугуй чулуун байгууламж дагалдуулан бүтээсэн бүх төрлийн хиргисүүрийн байгууламжууд хамаарна.
9. Овоо: Хүмүүсийн байгаль дэлхийгээ хамгаалах, газар орныхоо хилийн цэсийг тогтоох зэрэгтэй холбоотойгоор чулууг овоолон босгосон бүх төрлийн овоо хамаарна.
10. Эртний хот, шивээ, хэрмийн үлдэгдэл: Түүхэн тодорхой цаг үед хүмүүсийн оршин сууж байсан болон, цэргийн бэхлэлт болгон барьж байгуулсан барилга байшин, хэрмийн үлдэгдэл хамаарна.
11. Тахилын сүм: Түүхэн тодорхой цаг үед хүмүүс талийгаачийн хойт насанд зориулан тодорхой цаг хугацаанд давтамжтайгаар тахил тайлга хийх газар болгон барьж байгуулсан тахилын сүмүүд хамаарна.
12. Суварга, сүм хийд, түүний үлдэгдэл: Түүхэн тодорхой уаг үед шашны хурал номын үйл ажиллагаа явуулж байсан болон мөргөл, хүндэтгэлийн үүргийг гүйцэтгэж байгаад хожим нь эвдэрч сүйдсэн, эргэж сэргээн засварлагдсан суварга, сүм хийд, түүний туурь үлдэгдлүүд хамаарна.
13. Барилга, байшин: Түүхэн тодорхой цаг үед баригдаж хот байгуулалт, уран барилгын түүхийн аль нэг хэсгийг төлөөлж чадах болон түүхэн үйл хэргийн бодит дурсгал болж үлдсэн, нэрт хүмүүсийн ажиллаж, амьдарч байсан бүх төрлийн барилга байшин, орон сууцны барилга хамаарна.
14. Буган чулуун хөшөө: Байгалийн гонзгой урт чулууг засч янзлан /зарим тохиолдолд засаагүй байдаг/ гадаргуун дээд хэсэгт нар, сар дунд хэсгээр буга, доод хэсгээр нь бүс, зэр зэвсэг зэргийг сийлж цоолборлож үйлдсэн хөшөө дурсгалыг хамруулдаг.
15. Хүн чулуун хөшөө: Түүхэн тодорхой цаг үед хүмүүсийн байгалийн чулууг засч янзлан хүний биеийн төрх гарган сийлсэн бүх төрлийн хөшөө дурсгал хамаарна.
16. Бичигт хөшөө: Түүхэн тодорхой цаг үед хүмүүсийн байгалийн чулууг засч янзлан гадаргуу дээр нь ямар нэг бичиг үсэг хэрэглэн түүхэн хэрэг явдал болон бусад зүйлсийн талаар бичиж үлдээсэн бичвэр бүхий хөшөөд хамаарна.
17. Амьтны дүрст чулуун дурсгал: Түүхэн тодорхой цаг үед хүмүүс амьтан эрхэмлэх зан үйлтэй холбоотойгоор байгалийн чулууг засч янзлан амьтны дүрс гарган урлаж хийсэн чулуун дурсгалууд хамаарна.
18. Төмөрлөг олзворлож, боловсруулж байсан газар: Түүхэн тодорхой цаг үед хүмүүсийн олзворлож байсан уурхай болон түүнийг боловсруулж байсныг гэрчлэх ул мөр бүхий дурсгалт газрууд хамаарна.
19. Шавар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан газар: Тодорхой түүхэн цаг үед хүмүүс шавар ахуйн хэрэгцээний сав суулга, барилгын хэрэглэгдэхүүн зэрэг эд зүйлс хийж байсан болон хийсэн зүйлсээ шатаан боловсруулж байсан ул мөр бүхий дурсгалт газрууд хамаарна.
20. Газар тариалан эрхэлж байсан газар: Түүхэн тодорхой цаг үед хүмүүс газар хагалж, суваг шуудуу татах зэргээр тариалан эрхэлж байсныг гэрчлэх ул мөр бүхий газар нутаг хамаарна.