Шагайн харваа /2014 он/
ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний СББӨ-ийн Төлөөллийн жагсаалтад 2014 онд бүртгэгдсэн өв юм. Монгол хүн малыг гаршуулж эхлэсэн цагаас “Шагайн соёл” үүсч, шагайгаар нааддаг 120 гаруй төрөл зүйл бий болжээ. Шагаа харваа нь ард олны дунд өргөн дэлгэрсэн төрөл зүйл юм. Шагайн харваа нь 9 тохой /4.72м/ зайнаас зурайд өрж байрлуулсан 30 ширхэг Хясааг нягт хатуу, үнэт модоор хийсэн хашлагын тусламжтайгаар тусгай сумаар няслан харваж, оноогоор илүүрхсэн тал нь ялдаг багийн тоглоом юм. Шагайн харвааны явцад харваачид уртын дууны эртний хэлбэрийг агуулсан “Найзын уухай”, “Самбарын уухай”, “Онооны уухай” гэх өөр өөр ая дан бүхий уухайг түрэн дуулж өөр хоорондоо үгээр бус ая дуугаар ойлголцдог онцлогтой. Шагайн харваа нь эртний нийтлэг тоглоом юм. Шагай харвахад гутлын шагайн тус газар улан дээр шагайгаа тавьж харвах, өвдгөн дээрээ ясан годил тавьж харвах, гол төлөв настайчууд хэрэглэдэг буугаар харвах зэрэг олон төрөл бий.