Шонхор, харцага, бүргэдийг гаршуулан
ан авд сургах зан үйл дэлхийн олон оронд өнө эртнээс өнөөг хүртэл уламжлагдаж иржээ. Манай өвөг дээдэс
шонхороор ан хийж, цагаан шонхор шувууг туг сүлдэндээ дээдлэж ирсэн түүх буй. Шувуучлахуйн нэг
гол хэлбэр болсон Бүргэдээр ан хийх зан үйлийн амьд уламжлал манай улсын казах
үндэстний дунд өнөөг хүртэл язгуур хэв шинжээрээ уламжлагдан ахуй зан үйл, ёс
заншил, аман билгийнх нь салшгүй бүрэлдүүн хэсэг болж өвлөгдсөн нь хүн
төрөлхтний соёлын өв санг өвөрмөц өнгө аясаар баяжуулсан бахархалтай, гавъяатай
үйл юм.
Казахын үндэстний
ёс заншилд Бүргэд эзнээ муу бүхнээс хамгаалж, тэжээсэн эзнээ урт наслуулдаг гэж
үздэг. Бүргэдээр ан ав хийх нь амьдрал ахуйн хэрэгцээ төдийгүй уламжлалт зан
үйл, баяр наадам, уралдаан тэмцээний агуулгыг шингээсэн байдаг. Бүргэдийг барьж
гэршүүлэхэд дэгдээхэй байхад үүрнээс нь авах, хээрийн зэрлэг бүргэдийг барьж
гаршуулах хоёр янзын аргыг хэрэглэнэ. Бүргэдийг ан хийж сургахад маш нарийн
арчилгаа, хичээл зүтгэл шаардагдана. Бүргэдэд зориулсан хөлний уяа, нүдний даруулга, суурин
суудал, моринд авч явахад суулгадаг ац тулгуур, бээлий, тэжээлийн уут, аяга
зэрэг уламжлалт тоног хэрэгсэл хэрэглэж иржээ.
2008 онд
Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг Арабын Нэгдсэн Эмират, Бельги, Чех, Франц,
БНСУ, Монгол, Морокко, Катар, Саудовын Араб, Испани, Сири зэрэг Ази, Африк,
Европын 11 улс хамтарч Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн
бүртгэлд бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн
юм. Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг
ЮНЕСКО 2010 онд Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд
албан ёсоор бүртгэн тунхагласан билээ.