1. Соёлын биет бус өв гэж юу вэ?
“Соёлын биет бус өв” гэдэг нь тухайн ард түмэн, үндэстний оюун санаагаар бүтэж, уламжлагдан ирсэн түүхэн тодорхой орон зайг төлөөлж чадах эх хэл, ардын мэдлэг, амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам наргиа, ёс заншил, дуу хөгжим, уламжлалт гар урлал, түүний ур хийц, технологи зэрэг соёлын орон зайг хэлнэ.
Монгол улс Соёлын биет бус өвийг анхлан Утга соёлын өв, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг Өвлөн тээгч хэмээн нэрлэж байсан ба 2010 онд Монгол улсын Төрийн хэлний зөвлөлөөс Соёлын биет бус өв, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж нэрлэх нь зүйтэй гэсэн чиглэлийн дагуу одоогийн нэршилийг хэрэглэж байна.
/Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу/
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж хэн бэ?
“Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” гэж тухайн өвийг мэдлэг ухаан, ур чадвар, арга барилын хувьд язгуур шинж чанараар нь маш сайн, өндөр түвшинд өвлөн уламжилж, эзэмшсэн, мэдлэг бүхий хувь хүн, ах дүү, төрөл садан бүхий ард иргэдийг хэлнэ.
/Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та энд дарна уу/
2. Монгол улсад соёлын биет бус хэдэн өв бүртгэлтэй байдаг вэ?
Монгол улс нь Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн 2003 онд баталсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-ийн Соёлын биет бус өвийг олон улсын хэмжээнд хамгаалах зарчмын дагуу Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэл, Яаралтай хамгаалалтад авах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэл гэсэн 2 төрлийн бүртгэлийг хийж байна.
2013 оны байдлаар Монгол улсын биет бус соёлын өвийн төлөөллийн Үндэсний бүртгэлд 77 өв, Монгол улсын Яаралтай хамгаалах шаарлагатай биет бус өвийн үндэсний бүртгэлд 16 өвийг тус тус бүргэж, жагсаалтанд оруулжээ.
/Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та энд дарна уу/
Одоогоор монгол улсад хэдэн өвлөн уламжлагч бүргэгдсэн бэ?
Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.5-д “...Түүх, соёлын үнэт дурсгалт дурсгалт зүйлийн болон утга соёлын өвийг ур чадварын өндөр төвшинд өвлөсөн билэг авъяастны жагсаалт, түүнд оруулах, нэмэлт, өөрчлөлтийг мэргэжлийн зөвлөлийн санал болгосноор соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу анх удаа 2003 онд 64 нэр бүхий иргэнийг, 2010 онд 35 нэр бүхий иргэнийг тус тус Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн нийт 100 билиг авъяастны улсын жагсаалтанд оруулж батламж олгожээ.
/Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та энд дарна уу/
3. Та хэрвээ өөрийгөө соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж бодож байвал хэрхэн хаана бүртгүүлэх вэ?Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-нд “Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийн болон соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн билэг авъяастны жагсаалт, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг мэргэжлийн зөвлөлийн санал болгосноор, Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” хэмээн заасны дагуу Соёлын биет бус өв, түүний өвлөн уламжлагчийг тогтоох ажлыг Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулсан
Үндэсний зөвлөл зохион байгуулах бөгөөд аймаг, нийслэлд салбар зөвлөл гүйцэтгэдэг байна.
Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд соёлын онол, түүх, соёлын менежмент маркетинг болон монгол хэлээр илэрхийлэгдэх соёлын биет бус өв, язгуур урлаг, нийгмийн уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав, шимийн ертөнцийн тухай мэдлэг, заншил, ардын гар урлал, уламжлалт ухааны өвийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөллөл багтдаг.
/Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та энд дарна уу/